төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яам, "Монголын төмөр зам" ТӨХК хамтарсан мэдэгдэл хийлээ

2014/05/01
Зам, тээврийн яам, "Монголын төмөр зам" ТӨХК хамтарсан мэдэгдэл хийлээ

Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн зас¬гийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Төмөр зам барихад зориулж “Чингис” бондоос 450 сая ам.доллар гаргасан. Газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой", УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Төмөр зам төслийн 50 гаруй тэрбум төгрөгөөр ажил хийгээгүй, шороонд булаад хаячихсан” хэмээн Монгол Улсын УИХ, ЗГ-ын гишүүний хувьд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого 2010 оны зургадугаар сард батлагдаж, 2011 оны арваннэгдүгээр сард “Монголын төмөр зам“ компанид шинэ төмөр зам барих эрх олгосон. Харин 2011 оны наймдугаар сард Хөгжлийн банкнаас 55 сая доллар олгох Засгийн газрын шийдвэр гарсан хэдий ч нэг ч доллар өгөөгүй. “Монголын төмөр зам” (МТЗ) компани өөрийн хөрөнгөө барьцаалж банкнаас зээл авч Америкийн “Маккензи” компаниар ТЭЗҮ хийлгэсэн.

2011 онд Засгийн газар 55 сая ам.доллараар санхүүжүүлэх шийдвэр гаргасан нь 2013 оны гуравдугаар сард Хөгжлийн банк “МТЗ” ТӨХК-д санхүүжилтийг нь өгсөн юм. Өөрөөр хэлбэл, шинэ төмөр зам барих 2011 оны Засгийн газрын шийдвэр 2013 оны хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхэлсэн. “МТЗ” ТӨХК энэ мөнгийг аваад нэг жил болж байна. Энэ нэг жилийн хугацаанд их ажил амжуулсан гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 1800 км төмөр замын ажлын зурагаа хийлгэж дууссан.

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км замын газар шорооны ажил одоогоор 70 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 173 сая долларын ажил хийгдээд байна. Дараагийн ээлжийн 200 сая ам.долларын санхүүжилт хийгдээгүй байна. Гэтэл ЭЗХЯ, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гэдэг шалтгаанаар санхүүжилт хийхгүй байгаа атлаа Эдийн засгийн хөгжлийн сайд нь УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр төмөр зам барихад зориулж 450 сая ам.доллар өгсөн мэтээр худал мэдээлэл хийснийг эрс няцааж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

Зам, тээврийн яам, "Монголын төмөр зам" ТӨХК хамтарсан мэдэгдэл хийлээ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх