Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Транзит Монгол”-д монголчууд дамжин өнгөрөх тээврээ сурталчилж байна

2014/03/04

 “Транзит-Монгол” олон улсын хурал Улаанбаатар хотноо болж байна. Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Вьетнам, Өмнөд Солонгос улсын нийт 90 орчим төлөөлөгч эл хуралд хүрэлцэн ирлээ.

Зам, тээврийнхэн эхний ээлжинд зах зээлийн эрэлтийг харсан байна. Манай хоёр том хөрш болох БНХАУ, ОХУ 2020 он гэхэд өөрсдийнхөө худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх тооцоо гаргажээ. Үүнд тээврийн коридориуд хэрэг болох учир Монгол Улс газар нутгийн ашигтай байрлалтайн хувьд энэ орон зайг сонирхож байгаа ажээ.

ЗТЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Ё.Манлайбаяр “Хоёр том гүрний дунд туслан дэмжигч байдлаар явах нь хөршийн коридорийн эрэлтийг бодолцож үзэхэд энэ бол ашигтай бизнес. Тиймээс одоо байгаа коридороо шинэчлээд, баруун, зүүн чиглэлд коридор нэмж байна” гэж ярьсан. Дамжин өнгөрөх тээврээс Монгол Улс ашиг олохын тулд түншдээ хямд, амар хялбар саналыг тавьж байгааг хурлын үеэр тэрбээр танилцуулж байна лээ. Тийм ч учраас хурлыг "Уян тариф, хатуу график, нэг цонхны үйлчилгээ" сэдвээр зохион байгуулж байгаа юм. Үнийн хувьд, Монголоор дамжуулан ачаа, бараагаа тээвэрлэвэл бусад оронтой харьцуулахад хоёр дахин хямд үнийг санал болгоно. Хугацааны хувьд ч түргэн , шуурхай байлгахаар төлөвлөсөн. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу транзит тээвэр хийхэд 37 цаг, БНХАУ-аас ОХУ руу бол 40 цаг тээвэрлэх бодит судалгааг албаныхан гаргасан байгаа. Дамжин өнгөрүүлэхэд бичиг баримтын асуудал их гарна. Монголчууд цахим хэрэглээ болон нэг цонхны үйлчилгээнд сүүлийн жилүүдээс л бодитоор орж эхэлсэн бөгөөд транзит тээвэрт шаардлагатай бичиг цаасны ажлыг үүгээр шийдэх юм. Гадны улстай харилцаж, бараа тээвэрлэлтийг нь хийхэд нэг цонхны үйлчилгээгээр Гааль, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналтын газар, хорио цээрийн асуудлыг шийдэж, гадны түншид хүндрэл гаргахгүйг анхаарна гэдгийг ЗТЯ-ны газрын дарга Ё.Манлайбаяр хэлж байна.

ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр илтгэл тавьж байгаа нь

Монгол Улс 2020 он гэхэд жилдээ 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох том зорилттой. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төмөр зам хэрэгтэй. "Шинэ төмөр зам" төслөөр нийт 5600 км төмөр зам барих ёстой. Эхний ээлжинд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ барина. Энэ нь Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлийнх юм. Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2013 оны тавдугаар сард эхлүүлсэн 2015 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Монгол Улс жилдээ 20 сая хүрэхгүй сая тонн нүүрс экспортолж чадаж байгаа бөгөөд энэ хэсгийн төмөр замын хүчин чадал жилдээ 30 сая тонн байх ажээ. Ингэснээр нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий болно. Тээвэрлэлтийн зардал 2.5-3 дахин буурах тооцоотой. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүнээ авто тээврээр биш, төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдэх бөгөөд нөгөө талаараа энэ нь Монголын транзит тээврийн нэгэн том коридор болж, урд, хойд хөршийг холбосон дамжин өнгөрөх тээвэр хийх боломж бүрдэх юм.

Шинэ нөөц боломжийн хувьд ийм бол одоо байгаа хүчин чадлын тухайд, Улаанбаатар төмөр замд техникийн хүчин чадлыг нэмэх хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнд УБТЗ-ын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм. Иймд тээвэрлэх ачаа эргэлтийг транзит тээврээс олох чиглэлийг барьж байна.

Монголчууд гуравдагч зах зээлд гарна гэж энэ хурлын үеэр Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр хэлсэн. Ингэхдээ Монгол Улс БНХАУ, ОХУ-ын боомт, төмөр замаар дамжин өнгөрч, гуравдагч оронтой худалдаа хийх юм. Энэ талаарх асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцэж буй бөгөөд олон улсын конвенцийн дагуу шийдэж болох асуудал. НҮБ-ын Далайн эрхийн тухай конвенцид далайд гарцгүй орны хөрш зэргэлдээ орнууд нь гуравдагч зах зээлд гарах гарцыг хангаж өгөх ёстойг тусгасан байдаг. Энэ дагуу шийдэх боломжтой гэж байна.

"Транзит Монгол-2014" Зөвлөгөөний үеэр гадны төлөөлөгчид илтгэл тавьж байгаа нь

“Транзит Монгол”-д монголчууд дамжин өнгөрөх тээврээ сурталчилж байна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх