Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УБТЗ” нийгэмлэг 22-23 сая тонн ачаа тээвэрлэнэ

2014/03/11

Монгол Улс 1956 онд тухайн үеийн социалист орнуудын төмөр замын тээврийн харилцааны асуудлыг зохицуулахаар байгуулагдсан, БНПУ-ын Варшав хотод төвлөрч байгаа Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүнээр элссэн юм. Монгол, ОХУ, Хятад, Казахстан, Вьетнам, БНАСАУ улсыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллага жил бүр харьяалагдах орнуудад төлөөлөгчдийн хурлаа зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ удаагийн хурал манай улсад таван өдөр болж өнгөрлөө. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын энэ удаагийн хурлыг Зам тээврийн яам, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм.

Монголын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийг хөгжүүлэхэд Засгийн газар ихээхэн анхааран ажиллаж байгаа билээ. Үүнийгээ ч энэ хурлын үеэр тодотгож, өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийж, хурлын үр дүнгийн талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам"-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийгг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр нар мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн Монголд болсон хурлыг “Транзит Монгол” хөтөлбөрийн хүрээнд уян тариф, хатуу график, нэг цонхны үйлчилгээ гэсэн уриан дор зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаар транзит тээвэр нэмэгдэх тусам уян хатан үнийн тарифын бодлого баримтлахаас гадна цаг хугацааны амралт авсан байна. Үүнээс гадна дамжин өнгөрч байгаа транзит тээврийн бичиг баримт бүрдүүлэх асуудлыг хөнгөвчлөн нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр өсөн нэмэгдэж байгаа УБТЗ-ын шинэ нөөц бололцоог ашиглан ОХУ болон БНХАУ-ын транзит тээврийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.

Уг хурлын үеэр УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж “Зургаан улсын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал амжилттай боллоо. Энэ хурал өнгөрсөн жил Вьетнам улсад болж, хурлаар Улаанбаатар төмөр замаар 10.3 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж байсан бол 2014 онд 13 сая тонн ачаа тээвэрлэхээр боллоо. Өнгөрсөн жилийнхээс 2.7 сая тонн ачаа илүү тээвэрлэхээр болж байна. Дээрх ачааны 3.5 сая тонн нь импорт байх бөгөөд ОХУ-аас 1.7 сая, Хятадаас 1.8 сая тонн ачаа импортолно. Харин экспортыг 6.9 саяар тохирч, 6.1 сая нь өмнөд хөрш рүү, үлдсэн 830 мянга нь ОХУ руу ачих бол үлдсэн буюу 2.2 сая нь Монголоор дамжин өнгөрөх транзит тээвэр байх аж. Дээрх 13 сая тонн дээр дотоодын ачаа тээврээ нэмэх юм бол энэ жилд 22-23 сая тонн ачаа тээвэрлэнэ” хэмээсэн юм. Транзит ачаа буюу Монголын нутгаар өнгөрөх ачааг нэмэгдүүлэх буюу нэг сая тонн нүүрс, төмрийн хүдэр тус тус ачих саналыг ОХУ-аас гаргасан ч БНХАУ зөвшөөрөөгүй байна. Өнгөрсөн жилийн хувьд техникийн хүчин чадлаас хамаарч ачаа тээвэрлэлт тасарсан мэтээр мэдээлэл гарсан ч энэ нь ташаа мэдээлэл хэмээгээд, дэлхийн зах зээлээс хамаарсан гэдгийг албаныхан хэлж байсан юм. Дашрамд дурьдахад, 2013 оны аравдугаар сараас эхлэн УБТЗ-ын техникийн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн учраас 2015 оны эцэс гэхэд тус газрын хүчин чадал 60 хувиар нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны сүүл гэхэд 33 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Тиймээс хөрш орнуудтайгаа ярилцаж, нэмэгдэж байгаа хүчин чадлаа ашиглахдаа транзит тээврийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж буй ажээ.

 

 

“УБТЗ” нийгэмлэг 22-23 сая тонн ачаа тээвэрлэнэ  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх