Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Д.ГАНБАТ: АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОХ ГҮҮР БОЛСОН МОНГОЛ УЛС НЬ БУСАД УЛС ОРНУУДТАЙ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА

2017/10/19
Д.ГАНБАТ: АЗИ, ЕВРОПЫГ  ХОЛБОХ ГҮҮР БОЛСОН МОНГОЛ УЛС НЬ БУСАД УЛС ОРНУУДТАЙ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбатын “Бүс нутгийн хамтын ажиллагаа–Хөгжлийн зам”  Сэдэвт олон улсын хуралдааны үеэр хэлсэн үгийг хүргэж байна.

 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчидөө,

Хадагтай, ноёд оо

 

Юуны өмнө “Бүс нутгийн хамтын ажиллагаа-Хөгжлийн зам” хуралд оролцохоор найрсаг Монгол оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэхүү завшааныг ашиглан өнөөдрийн хурлыг хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Европын сэргээн босголт хөгжлийн банк, олон улсын болон төрийн байгууллагуудад Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Монгол Улс бүс нутгийн төдийгүй, дэлхийн нийгэм, эдийн засгийн интегралчлалд өөрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж байна.

 

Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд оролцох, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байна.

 

Далайд гарцгүй Монгол орны хувьд тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

 

Иймээс Монгол Улсын Засгийн газар зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, тэр дундаа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор “Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” стратеги, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” санаачилга болон “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-үүдтэй уялдуулах талаар бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү хурлыг зохион байгуулж байна.

 

Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа ч цаашид томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг шинээр эхлүүлэх шаардлага бий болсоор байна.

 

 

Хүндэт төлөөлөгчид өө,

 

Эх оронд маань зохион байгуулагдаж буй энэ удаагийн хурал нь Монгол Улсын  “Хөгжлийн зам” хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн төслүүдийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд хурлаар бүс нутгийн хөгжлийн цаашдын бодлого зорилтыг тодорхойлохоос гадна,  хамтын ажиллагаа, харилцааг эрчимжүүлэх, харилцан туршлага судлах онцгой боломж гэж харж байна.

 

Энэхүү хуралд нэг санаа бодлоор нэгдэн цугласан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судлаачид болон төрийн байгууллагууд хамтран Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн төслүүдийг “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдтэй уялдуулан дамжин өнгөрөх коридорыг хөгжүүлэх нэн тэргүүний төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын АНДЭЗНК-ийн дэмжлэгтэйгээр дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх анхны эрх зүйн баримт бичиг болох “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээр”-ийг Москва хотноо байгуулсан нь Ази-Европыг холбох бидний үндсэн зорилгын хүрээнд хийгдэж буй чухал баримт бичиг болсон гэж үзэж байна. Энэхүү хэлэлцээр бүс нутгийн бусад улсын хувьд ч нэгдэн ороход нээлттэй гэдгийг энд зориуд цохон тэмдэглэмээр байна.

 

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монголын Хөгжлийн зам хөтөлбөр, ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын хүрээнд Ази, Европ тив улам ойртож байгааг бид харж байна.

 

Орон орны төлөөлөгчид, олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчид хамтран 3 улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах бүтээн байгуулалтын ажилд оруулах өөрсдийн хувь нэмэр, нөөц бололцоо, боломж, чадамжийн талаар өргөн хүрээнд үр дүнтэй хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Ази, Европыг  холбох гүүр болсон Монгол Улс нь бусад улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Та бүхний хамтын ажиллагаанд гүнээ талархал илэрхийлж, энэ удаагийн хуралд өндөр амжилт хүсье.

 

Д.ГАНБАТ: АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОХ ГҮҮР БОЛСОН МОНГОЛ УЛС НЬ БУСАД УЛС ОРНУУДТАЙ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх