төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Утаа ихтэй автомашиныг 5-30 мянган төгрөгөөр торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2013/11/16

Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон билээ. Энэ талаар Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн П.Мөнхбатаас тодрууллаа.

-Утаа ихтэй автотээврийн хэрэгслийг журамлах, хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажил хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ?

-Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон. Тодруулбал, “Автотээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Хууль зүйн сайд, Зам, тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн А/70/83/А-104 дүгээр хамтарсан тушаалаар төлөвлөгөөг баталж шугам замын дагуу шалгалтыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

 -Шалгалтыг хаанаас зохион байгуулж байгаа вэ?

-Дээрх төлөвлөгөөний дагуу Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаарын чанарын алба зэрэг холбогдох газрууд шугам замын шалгалтыг зохион байгуулан хяналт тавьж ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш сард 4-өөс доошгүй удаа шалгалт хийж байна.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хичнээн тээврийн хэрэгслийг шалгаад байна вэ?

-2013 оны эхний 10 сарын байдлаар нийт 334 тээврийн хэрэгслийг шалгасан. Үүнээс Бензин хөдөлгүүртэй автомашин -Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу хэмжих арга” MNS5013:2009, “Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5014:2009 стандартын шаардлага хангаагүй 153 тээврийн хэрэгслийг илрүүлсэн. Нийт 765 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, замын хөдөлгөөнд оролцох эрхийг түр хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Шалгалтыг 1-6 дугаар сар, 8-12 дугаар сарын хугацаанд  явуулж байна.

-Стандарт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигчид ямар хариуцлага тооцож байгаа вэ?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй, стандарт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч журамлаж торгуулийн арга хэмжээ авдаг. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь түр хязгаарлан зөрчлийг арилгуулж байна.

-Торгуулийн мөнгөн дүн нь хэд байдаг вэ. Иргэн, аж ахуйн нэгж ялгаатай байх уу?

-Автотээврийн тухай хуулийн дагуу иргэн 5-30 мянган төгрөг, харин аж ахуйн нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч торгууль ногдуулна. Стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч мөн торгуулийн арга хэмжээ авдаг.

-Журамлагдсан тээврийн хэрэгсэл зөрчлөө арилгуулсан тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхээ хэрхэн авах вэ?

-Стандарт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийн зөрчлөө арилгуулсан тухайн тээврийн хэрэгслийн жолооч Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн суурин төвд очиж шалгуулан замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөө авах буюу хураалгасан бичиг баримтаа авах боломжтой. Ер нь иргэд стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх нь зүйтэй.

Утаа ихтэй автомашиныг 5-30 мянган төгрөгөөр торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх