Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Монгол улсын төмөр замын шинэчлэл” зөвлөгөөний эргэн тойронд

2013/10/08

Зам тээврийн яамнаас зохион байгуулсан “Монгол улсын төмөр замын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөлгөөнд Монгол Улсад төмөр замын тээвэр эрхэлж буй УБТЗ, “МТЗ” ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, “Болд төмөр-Ерөө гол”компаниудын төлөөллөөс бүрдсэн 280-аад төмөр замын мэргэжилтэн оролцсон юм. Монгол Улсыг өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхэд түүчээгийн үүрэг гүйцэтгэж ирсэн төмөр замын тээврийн салбарын үүрэг оролцоо цаашид ч улам нэмэгдэхийг Зам тээврийн сайд А.Гансүх зөвлөлгөөнийг нээхдээ онцолсон билээ. Мөн тэрээр, энэ салбарын шинэчлэлийг 2008 оноос эхлүүлсэн бөгөөд УБТЗ амжилттай хэрэгжүүлж буйг цохон тэмдэглэсэн. Тэрээр;

 

-УБТЗ маш хурдтай, үр бүтээлтэй ажилласан. Том том зорилтуудыг хэрэгжүүлсэн. “УБТЗ” зөвхөн төмөр замын байгууллага биш. Эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйл. Өнөөдрийн Монгол улсын хөгжилд Улаанбаатар төмөр зам гол үүрэг гүйцэтгэсэн. Дээр нь, Монгол-Оросын найрамдалт харилцааны билэг тэмдэг. УБТЗ-аар дамжуулаад Оросын ард түмэн Монгол улсын хөгжилд маш том хувь нэмэр оруулсан.

УБТЗ бол Монгол улсын 1921 оноос хойш хийсэн том бүтээн байгуулалтын үлгэр жишээ. Улаанбаатар төмөр замын их бүтээн байгуулалтыг хийсэн ахмад үеийнхэн болон одоо ажиллаж байгаа төмөр замчдад баярласнаа хэд дахин хэлсэн ч багадахаар хүндтэй үүргийг та бүхэн гүйцэтгэсэн. Шинэчлэлийг бид төмөр зам дээр маш их ярьсан. Цаашид ч ярина. Зам тээврийн сайдаар томилогдоод хоёр удаа өртөө, зөрлөгөөр явлаа. Тэгэхдээ яамнаас баримталж байгаа бодлого чиглэлд төр ямар үүрэг хүлээх юм, төмөр замчид юу хийх юм гэдгийг ойлгуулахын тулд давхардсан тоогоор 4000 орчим төмөр замчинтай уулзсан. Ирэх жил ч өртөө, зөрлөгөөр явна. Жил болгон яваад байх юм бол 16 мянган төмөр замчинтай уулзчих юм байна лээ.

Шалтгаан нь, нөгөө л шинэчлэл. Цаашид төмөр зам яаж өөрчлөгдөх юм. Үүнийг бид цаашид яаж хөгжүүлэх юм гэдгийг бид төмөр замчиддаа хүргэмээр байна. Яагаад гэвэл, энэ шинэчлэлт өөрчлөлтийг төмөр замчид хийнэ. УБТЗ өнгөрсөн хугацаанд чухал чухал асуудлыг амжилттай шийдэж үр бүтээлтэй ажиллалаа. Анх удаа 250 сая ам,доллараар нийгэмлэгийн дүрмийн сангаа нэмэгдүүлсэн. Парк шинэчлэлт хийгдсэн, одоо дахиад хийнэ. Улаанбаатар төмөр замын техник технологийн шинэчлэлийн чиглэл дээр Оросын талтай хамтран ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Оросын талын төлөөлөгчид УБТЗ-ын шинэчлэлтэй холбоотой хөтөлбөр дээр ажиллаад хоёр тал санаа оноогоо нэгтгэчихлээ. Энэ хөтөлбөр бэлэн болсон. Одоо хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдчихвэл УБТЗ шинэчлэл хөгжлийн дараагийн шат руу шилжинэ. Техникийн шинэчлэлээс гадна замаа шинэчилнэ. Дохиолол холбоогоо шинэчилнэ. Үүнийг дагаад ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах ёстой. Үүний үр дүнд тээвэрлэх чадвар 30 хувиар нэмэгдэнэ.

Улс эх орны стратегийн чухал салбарыг улс төрчөөр удирдуулахгүй гэдэг итгэл үнэмшил надад байна. Тийм учраас, УБТЗ-ын даргаар төмөр замчин хүн ажиллаж байгаа.

Цаашид ч энэ байр суурийг бид барьж ажиллана. Төмөр замчин даргатай байхын ач холбогдол маш энгийн. Замын-Үүд дээр түгжрэл үүсээд байна, яах вэ гэхээр хаанаас хэдэн вагон гаргаад хааш нь ямар цагийн хуваариар явуулж, өдөрт хэдэн вагон татаад түгжрэлийг арилгахыг цээжээрээ ярьдаг. Ярьснаа хэрэгжүүлчихдэг. Технологио мэдэж байна гэсэн үг.

Хамгийн энгийн жишээ энэ. Дотоодын хууль эрх зүйн орчны шинэчлэлт хийгдэж байна. “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга явж байгаа. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлууд явж байна. Жижиг гэлтгүй шинэчлэлийн ажлууд хийгдэж эхэлсэн. Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгосон. Үр дүн нь маш хурдан гарсан. 55 жилийн түүхтэй “Ган зам” төмөр замчдын сонин байсныг зам тээврийн салбарын сонин болгосон.

Төмөр зам тээврийн гол салбар. Одоо манай шинээр барьж байгаа төмөр замууд бүгдээрээ хоёр хөршийн нутгаар дамжаад далайн боомт руу очно. Тийм учраас “Ган зам” тээврийн салбарын долоо хоног тутмын сонин болсон. Та бүхэн “Ган зам” сониноос зөвхөн төмөр замын мэдээлэл биш салбарын мэдээллийг авч байгаа. Цаашид энэ сониныг улам хөгжүүлнэ. Салбарынхан уншдаг биш Монгол улсын иргэд уншдаг хэмжээний сонин болгоно. Сониноор дамжуулаад та бүхэн мэдээллээ авна. Хийж байгаа ажлаа нийгэмд ойлгуулна. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг байгуулсан. Одоо норм норматив, дүрэм журмаа боловсруулаад ажиллаж байна. Ирээдүйд бид 5600 км төмөр замын сүлжээтэй болно. Түүний зохицуулалтыг хийх энэ төвийг одоо байгуулж байна. Далайн тээврийн мэргэжилтнүүдээ бид бэлтгээд эхэлчихсэн. 100 оюутан сургахаар тохирсны эхний арав нь суралцаж байна. Тээвэр логистикийн нэгдсэн систем байгуулах зорилт тавьчихаад байгаа. Монгол Улсын далбаатай хөлөг онгоц далайд бараг арав дахь жилдээ явж байна. Бидэнд бас хөлөг онгоцны туршлага суучихлаа. Одоо хөлөг онгоцоо удирддаг капитанаа өөрсдөө бэлтгэнэ.

Аймгийн төвүүд авто замаар холбогдож байна. Бид 2011 оноос эхлээд агаарын тээврийн шинэ нисэх буудалтай болж байна. Шинэ онгоц авч байна. Үүний үр дүнд манай орны тээвэр логистикийн сүлжээ бий болно. Замын-Үүд Улаанбаатартай хар замаар холбогдоно. Тэгэхээр авто зам, төмөр замын хооронд тодорхой хэмжээний өрсөлдөөн үүснэ.

Дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг бий болгоно гээд 2008 онд УИХ-аар Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлахдаа оруулсан. Ингэж нийгмийн болоод эдийн засгийн хөгжлийн анхаарлын төвд төмөр замын салбар орсон. Шинэ төмөр замыг барьж дуустал хугацаа шаардана. Тэр болтол УБТЗ гол ачааг үүрнэ. Тийм учраас одоо байгаа төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд маш их ажил яригдаад ажил хэрэг болж байгаа.

Өнгөрсөн жил УБТЗ 20 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ жил 21 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Шатахууны нийлүүлэлтийн хувьд арга хэмжээ авч байгаа. Үр дүнд нь үнэ буурч, одоогийн байдлаар дөрөв орчим тэрбум төгрөг хэмнэчихээд явж байна. Энэ мэтчилэн дотоодын нөөц боломжоо ашиглахаар маш их нөөц боломж, хэмнэлт байна. Сая эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас УБТЗ-д их хэмжээний зээл олгох болсон.

МТЗ-дын ҮЭ-ийн холбооны төлөөллийг Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд оруулсан. Тэр хүн төмөр замчдынхаа эрх ашгийг Ерөнхий хороон дээр хамгаална. Шийдвэр гаргахад нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргуулах эрх мэдэлтэй болсон. Ийм олон жижиг шинэчлэлийг хийснээр эдийн засгийн үр ашигтай шинэчлэлийг бүрдүүлж авна. Эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллахаар эргээд ажилчдынхаа нийгмийн хангамж, цалин, тэтгэмжийг нэмэх боломжтой болно. Цалингаараа хангалуун амьдардаг төмөр замчин нийгэмд бахархал төрүүлдэг болох ёстой юм. Үүнийг би энд ярьснаар хийхгүй, бүгдээрээ хамт хийнэ. Та нарын зүтгэл бүтээлийн үр дүнд ийм систем бүрдэнэ. Би тэрийг чинь дэмжинэ. УБТЗ-д миний зүгээс шүүмжлээд байх юм бага байна. Үнэхээр бага байна. Сайн ажиллаж байна. Ингэж хэллээ гээд алдаагаа харахгүй явахгүй байх. Эцэст нь, УБТЗ-ыг төмөр замчдын “Вант улс” болгохыг та бүхэн хийнэ. Ингээд УБТЗ-ын хамт олонд ажлын амжилт хүсье. Шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэе гэсэн юм.

А.Гансүх: Шинэчлэлийн хамгийн том зорилго хоёр дахь хос зам барих

Зам, тээврийн сайд зөвлөлгөөний үеэр хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгснийг дор толилуулъя.

-Өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол юу вэ?

-Дэд бүтцийн салбарынхан бүтэн жилийнхээ ажлыг дүгнэж байна. Шинэчлэлийн чиглэлээр юу хийсэн бэ? Цаашид УБТЗ шинэчлэлийн чиглэлээр юу хийх вэ гэдгээ ярьж байна. Шинэчлэлийг бид хийж байна. Тээвэр зохион байгуулалтыг сайжруулж, үр дүнтэй ажиллаж байна. Энэ жил УБТЗ 21 сая тонн ачаа тээвэрлэхээр байна. Өнгөрсөн жил 20 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ бүгд рекорд. Жишээ нь, Замын-Үүдээс Улаанбаатарт 24 цагийн дотор ачаа барааг татаж чадаж байгаа нь тээврийг шинэчлэн зохион байгуулсны үр дүн. Дараагийн том зорилт бол УБТЗ-д хоёр дахь зам барьж, хос замтай болгох явдал. Энэ чиглэлээр Орос, Монголын хамтарсан ажлын хэсэг хөтөлбөрөө хэдхэн хоногийн өмнө гаргаад дууслаа. Энэ шинэчлэл хийгдэхээр УБТЗ жилдээ 45 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм. Ганц жишээ дурьдахад шүү дээ.

-“Шинэ төмөр зам” төслийн явцыг танилцуулаач?

-Шинэ төмөр замын эхний ээлжийн 1800 км замын ажил эхлээд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км замын барилгын ажил явж байна. Нийтдээ Монгол улс 5600 км төмөр зам шинээр барина.

-Шинэ төмөр зам баригдсанаар ямар үр дүн гарна гэж урьдчилан тооцсон бэ?

- Энэ төмөр зам баригдаад, аж үйлдвэрийн парк байгуулагдсанаар Монгол улс 2020 он гэхэд Азидаа долдугаарт орох том эдийн засагтай улс орон болно.

-Төслийн санхүүжилтын тодорхой хэсгийг “Чингис бонд”-оос хийсэн гэсэн...?

-200 сая ам,доллар эхний ээлжинд өгсөн. Бид 80 орчим сая ам, долларыг нь зарцуулчихаад байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүн- төмөр зам- далайн боомт- дэлхийн зах зээл гэсэн бодлогын талаар...?

-Ерөөсөө бидний бодлого тийм байгаа юм. БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна аж үйлдвэр өндөр хөгжсөн өндөр хэрэглээтэй Япон, Солонгос зэрэг орнуудад уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулъя гэдэг зорилт тавьсан. Хоёр хөршийнхөө төмөр замаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ дамжуулан тээвэрлээд мөн хоёр хөршийн далайн боомтыг ашиглаж энэ зорилтыг хэрэгжүүлнэ. Тэр утгаараа төмөр замыг далайн боомттой холбож ярьж байгаа юм.

-Одоо УБТЗ-д хамгийн түрүүнд хийгдэх шинэчлэл юу вэ?

-УБТЗ-ын дүрмийн санг хоёр тал нийтдээ 250 сая ам,доллараар нэмэгдүүлсэн байгаа. Оросын талын 125 сая ам,доллараар 30 зүтгүүр авсан. Одоо Монголын талын 125 сая ам,долларыг хэрхэн зарцуулахыг Ерөнхий хорооны хурлаар шийдэх болоод байна. Бид 50 сая ам,доллараар вагон, зүтгүүр, 75 сая ам,доллараар нь хамгийн сүүлийн үеийн дохиолол холбооны систем авахаар зорьж байгаа. Үүний үр дүнд одоо байгаа тээврийн хүчин чадал 30 хувиар нэмэгдэнэ.

-УБТЗ-ын тээврийн 70 хувийг эзэлдэг дотоодын нүүрс тээвэр орлогын дөнгөж есөн хувийг эзэлдэг. Энэ тарифын алдагдлыг багасгах арга хэмжээг хэзээ авах вэ?

-УБТЗ дотоодын нүүрс тээврээс маш их алдагдал хүлээдэг. Энэ алдагдлыг бууруулахаар үе шаттай арга хэмжээ аваад бага багаар тарифыг нэмэгдүүлж байгаа. Гэхдээ нүүрс өөрөө нийгэмд нөлөөлдөг. Нүүрсний тээврийн үнэ нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Тэрийг дагаад эдийн засагт нөлөө үзүүлдэг учраас болгоомжтой хандах хэрэгтэй.

Г.Сэрээнэндорж: Хоёр хөршийн түвшинд хүрэх зорилт дэвшүүлсэн

-УБТЗ-ын хамт олон энэ жилээс Монгол улсын хөгжилд түгжрэл, бөглөрөл биш түүчээ нь болж ажиллах зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар бид 15,5 сая тонн ачаа тээвэрлэчихсэн. Оны сүүлч гэхэд 20,6-20,7 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой ажиллаж байна. Ер нь, төмөр замчид бид энэ жил төмөр замаар тээвэрлэх ачаа байвал бүгдийг нь тээе гэж үйлчлүүлэгчийг тосч үйлчилсэн. Энэ жил бид өөрсдийн хүчээр 60 км замд төмөр бетон дэртэй их засвар хийлээ. Дөрвөн өртөө, зөрлөгт орон сууц барьж, ашиглалтад өгөх гэж байна. Манайхан энэ жил маш их зардал хэмнэсэн. Төмөр замчдын цалинг 15 хувиар нэмсэн. Ингэснээр төмөр замчдын дундаж цалин үндсэндээ нэг сая төгрөг болсон. Ер нь, УБТЗ Монгол улсын жишиг байгууллага байсан. ХХI зуунд ч бид жишиг байгууллага байх зорилт тавиад ажиллаж байна. Тиймээс манай хамт олон Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, оруулах хувь нэмрээ өсгөж, нийгмийн хариуцлагаа мөрөн дээрээ авч, Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэнэ. Төмөр замын тээвэр хурдан шуурхай байх, төмөр замаар зорчиход ая тухтай байхыг бид ирэх жилээс хэрэгжүүлнэ. Үйлчилгээгээ сайжруулна. Тосч үйлчилнэ.

-Та бүхэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Манай хөдлөх бүрэлдэхүүнүүд хуучирсан. Ялангуяа, вагон, зүтгүүр, зам үндсэндээ 25-аас дээш жилийн настай байна. Тэгэхээр нийгэмлэгийн дүрмийн санг Монголын талаас нэмэгдүүлж буй 125 сая ам,долларын хөрөнгөөр хөдлөх бүрэлдэхүүн авна. Монгол банкнаас өгч байгаа зээлээр ч хөдлөх бүрэлдэхүүн авна. Бидэнд сайхан ирээдүй байгаа. Санхүүгийн асуудал шийдэгдсэн. Гэрээ хэлцлийн түвшинд явж байна. Ирэх жилээс хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчилнэ. Хажуугийн замын хурдыг нэмнэ, төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хоёр хөршийн түвшинд хүрнэ. Дэлхийн төмөр замд ОХУ, БНХАУ, АНУ гурав тэргүүлдэг. Тэр түвшинд хүрэх транзит төмөр зам болохын төлөө чармайж ажиллана.

Эхний ээлжинд 12000 мэргэжлийн төмөр замчин хэрэгтэй

“Төмөр замын салбарын хүний нөөцийн асуудлаар” Зам, тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхбаяр илтгэл тавилаа. -Өнөөдрийн байдлаар төмөр замын тээврийн салбарт 17811 хүн ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ. Үүний 15300-аад ажилтан УБТЗ-ынх, “МТЗ” ТӨХК-д 1500-аад (тус компани 100-аад ажилтантай, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга дээр 1300 орчим, Японы Nippon Koei компаний хийж буй зураг төсөл дээр 100 гаруй хүн), “Болд төмөр-Ерөө гол” компанид 286 хүн ажиллаж байгаа ажээ. Үүнээс гадна уул уурхайн болон бусад тээвэр зуучийн байгууллагуудад цөөн тооны хүмүүс ажиллаж байгаа юм. Тиймээс төмөр замын салбар өргөжиж, бүтээн байгуулалтын ажил өрнөхөд мэргэжилтэй ажиллах хүчний асуудал тулгамдаж байгаа бололтой. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх гол бааз суурь болох Тээврийн дээд сургуульд өнөөдөр төмөр замын долоон мэргэжлээр 1358 оюутан, МСҮТ-д найман мэргэжлээр 400-гаад хүүхэд суралцаж байгаа ажээ. Мөн хоёр хөршид төмөр замын мэргэжлээр 342 оюутан суралцаж байгаагийн 130 нь БНХАУ-д суралцаж байгаа юм. Зам, тээврийн яам Бээжин хотын Зам харилцааны их сургуультай санамж бичиг байгуулжээ. Үүний дагуу энэ жил 40 оюутан шинээр суралцахаар явсны 13 нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. 1800 км төмөр замыг барихад наад зах нь12 мянган мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байна гэсэн судалгаа бий. Тиймээс ажиллах хүчийг бүрдүүлэхийн тулд мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулахаас гадна орон нутагт ажилтнуудыг сургаж дадлагажуулахыг зорьж байна. Мөн төмөр замын мэргэжилтний хөдөлмөрийн биржийг байгуулахаар төлөвлөсөн байна.

ОХУ руу нэг, БНХАУ руу төмөр замын дөрвөн гарц шинээр бий болгоно

Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Монгол Улсын төмөр замын тээврийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлд дурьдснаар уг бодлогод шинээр төмөр зам барих, мөн одоо байгаа төмөр замаа шинэчилье гэсэн хоёр үндсэн чиглэл багтжээ. 2020 он гэхэд Монгол Улс 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргана. Үүнийг далайд гаргахад Монгол улсын хувьд төмөр замаар тээвэрлэхээс өөр гарц үгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын эдийн засгийн хөгжлийн гарцыг тодорхойлоход төмөр замын тээвэр зайлшгүй чухал учраас энэхүү бодлогыг боловсруулан гаргасан байна. Үүний зэрэгцээ Ази Европыг холбосон хамгийн дөт зам учраас транзит тээвэр төдий хэмжээнд нэмэгдэх боломжтой аж. Тиймээс шинээр 5600 км шинэ төмөр зам барьж, үүний дагуу эхний ээлжийн 1800 км төмөр замын ажил энэ жил эхлээд явж байгаа юм. Шинэ төмөр замыг барьснаар ОХУ- руу нэг, БНХАУ руу дөрвөн гарцыг шинээр нэмж бий болгох аж. Эдгээр гарцуудаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж далайн боомтод хүргэж тэндээс бусад орнууд руу экспортлох тээвэр Логистикийн төвийг байгуулах ажээ. УБТЗ-ын шинэчлэлийн хөтөлбөр 2009 онд гарч, хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд яригдан, 2010 оноос энэ хүрээнд хоёр тал шинэчлэл чиглэлээр хамтран ажиллаж, саяхан хоёр тал төлөвлөгөөгөө нэгтгэсэн байна. Энэ сарын сүүлчээр хуралдах Ерөнхий хорооны хурлаар уг төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр болжээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг эхний ээлжинд 45 сая тоннд хүргэх боломж бүрдэх аж. Цаашлаад хос замтай болгож, 100 сая тонноос дээш тээвэр хийх хүчин чадалтай болгоход хөтөлбөрийн зорилго оршиж байгаа гэлээ. Тэрээр, “МТЗ” ТӨХК-ний хариуцсан “Шинэ төмөр зам”-ын төслийн зөвлөх багийг дэлхийн нэртэй компаниудаар бүрдүүлснээ мөн танилцууллаа. Тухайлбал, зураг төслийг хийх техникийн зөвлөх нь Японы Nippon Koei, барилгын гүйцэтгэгчээр Солонгосын Samsung, төслийн хяналт, техникийн зөвлөхөөр Германы Дооче Баани компани ажиллахаар саяхан гэрээ байгуулжээ. Эхний ээлжинд баригдах 1800 км зам нь таван тэрбум гаруй ам.долларын төсөвтэй ажээ. Үүний тэрбум орчмыг нь Монгол Улсаас гаргаж, үлдсэнийг нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, банкнаас хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Ийм их хэмжээний хөрөнгийг босгохын тулд мөн туршлагатай санхүүгийн зөвлөхүүдийг авчээ. Тухайлбал, санхүүгийн зөвлөхөөр Францын ВNP Paribas, хөрөнгө оруулалтын бондын зөвлөхөөр АНУ-ын Guggenheim, хуулийн зөвлөхөөр АНУ-ын Siti Oster компаниуд ажиллаж байгаа ажээ.

Монголын 12 компаний 1300 гаруй ажилтан ажлын байртай болжээ

Зөвлөгөөний үеэр “Шинэ төмөр зам” төсөл, төслийн явцын талаар “МТЗ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ танилцуулсны зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэнд дараах тодруулгыг өгсөн юм.

-Төмөр зам барихад шаардагдах материалаа хаанаас нийлүүлэх вэ?

-Бид аль болох дотоодоос нийлүүлэлт хийнэ. Үндэсний компаниудыг дэмжиж ажиллах бодлого баримталж байгаа. Жишээ нь, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил дээр Samsung компаний туслан гүйцэтгэгчээр дотоодын 12 компаний 1300 гаруй Монгол ажилтан ажиллаж байгаа. Зүүн тийшээ барих зам дээр ч бид тийм бодлого баримталж ажиллана. Төмөр замын гүүр хоолой, төмөр бетон хийцүүд, зуурмаг, төмөр бетон дэрийг Монголдоо үйлдвэрлэнэ.

-Барилгын ажлын явц ямархуу байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 46,4 хувьтай явж байна. Долоо хоног болгон энэ талын мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа.

-Танай компани 1800 км замыг барих зөвшөөрлийг авсан. Үлдсэн замын эрхийг ямар компани авсан бол?

-5600 км төмөр зам гэдэг бол Төмөр замын бодлогын нэг, хоёр, гуравдугаар шатыг нийлүүлсэн хэмжээ. Үүний эхний нэг, хоёрдугаар шатанд баригдах 1800 км замыг барих тусгай зөвшөөрлийг “МТЗ” ТӨХК-д олгосон. Гуравдугаар шатны төмөр замын судалгаа тооцоо Зам, тээврийн яаман дээр хийгдэж байгаа.

-Санхүүжилт хэр хийгдсэн бэ?

-1800 км төмөр зам барихад шаардлагатай 5,2 тэрбум орчим ам,долларын эхний ээлжийн 400 сая ам,долларын хөрөнгө оруулалтыг “Чингис бонд”-оос зарцуулах шийдвэр гарсан. Үүний 200 сая ам,долларын санхүүжилт Хөгжлийн банкаар дамжуулан хийгдсэн.

“Монгол улсын төмөр замын шинэчлэл” зөвлөгөөний эргэн тойронд  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх