төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр агаарын тээвэр салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Б.Цогтгэрэл: Дамжин өнгөрүүлэх коридорын суурь бүтцийг сайжруулахад анхаарна

2017/04/17
Б.Цогтгэрэл: Дамжин өнгөрүүлэх коридорын суурь бүтцийг сайжруулахад анхаарна

БИД САЛБАРЫНХАА ХӨГЖЛИЙГ ТОМООР ХАРАХ ШААРДЛАГАТАЙ ТУЛГАРСАН

 

-Анх дэд сайд болохдоо хувь хүнийхээ итгэл үнэмшлээр салбараа сонголоо гэж жиргээнээс тань ойлгогдсон. Яагаад зам, тээврийн салбар гэж?

-Тийм ээ. Өөрийнхөө итгэл үнэмшлээр салбараа сонгосон гэж хэлнэ болно. Учир нь би өнгөрөгч парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байхдаа таван яам, хоёр байгууллага хариуцдаг байсан. Тэдгээрийн нэг нь Зам тээврийн яам. Өнгөрсөн дөрвөн жилд зам тээврийн салбартай холбоотой маргаанууд тасралтгүй өрнөсөн. Алдарт өргөн, нарийн царигийн маргаан, төмөр замын салбар дахь томоохон гэрээ хэлэлцээрүүд, олон тооны барилгын ажлаас гадна иргэний нисэх, МИАТ, УБТЗ гээд энэ салбарт асуудалтай зүйлсүүд их байлаа. Тиймээс ч миний хувьд намынхаа 26 гишүүнийг зөв мэдээллээр цэнэглэх, улс төрийн тодорхой шийдлүүд гаргах зэрэгт анхаарлаа хандуулан ажилладаг байв. Мөн тухайн үеийн Х.Баттулга, А.Гансүх, М.Зоригт нарын сайд нараас байнга нарийн мэдээллүүд авч санал солилцдог байлаа. Ингэж өмнө нь энэ салбарт юу нь болж, ямар асуудал нь болохгүй байгааг хэнээс ч илүү сайн мэдэж байсны хувиар Дэд сайдаар ажиллахад, харилцахад их дөхөмтэй, надад харьцангуй ойрхон салбар юм.

tsogoo-Яг ажлаа аваад, дотор нь ороход таны төсөөлж, мэддэг байснаас өөр байв уу?

-Ажил авахад УИХ дээр хариуцаж байснаас өөр байх нь гарцаагүй зүйл. Яагаад гэхээр УИХ дээр хэлэлцэгдэхээр очсон асуудлууд хамгийн сүүлийн хувилбар нь байдаг. Яаман дээр тухайн асуудал боловсруулагдахдаа бусад яамдаасаа санал авч, мэргэжлийн хүрээнийхэн бэлтгэснээр засгийн газрын хуралдаанд ордог. Эндээс гарсан санал дүгнэлтийг тусгаад, УИХ-д өргөн барина. Ийм олон тогоо дамжаад чанагдчихсан асуудлыг бид УИХ дээр ярьдаг байв. Гэтэл одоо би асуудал боловсруулагдаж эхэлдэг анхан шатан дээр нь ирчихээд байна. Гэхдээ өдий хүртэл зарим салбарууд эвээ сайн олж чадаагүй л яваа. Ийм асуудал манай салбарт байхгүй. Энэ нь насаараа мэргэжлээрээ ажиллачихсан техникийн ухааны доктор сайд Д.Ганбат гэдэг хүн энэ салбарыг удирдаж байгаагаас их шалтгаалж байна. Миний хувьд олон нийт төдийгүй салбарынхны өөрсдийнх нь хүсээд байдаг нээлттэй ил тод байдал, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, улс төржсөн шийдвэрүүдээс ангид байлгах, төсөл хөтөлбөрүүд дээр нягт нямбай ажиллах зэрэг хуулиар заагдсан ажлуудыг хариуцан ажиллаж байна.

-Өмнө нь Зам тээврийн яам гэсэн нэршилтэй байв. Харин шинэ засгийн газар “хөгжлийн” гэдэг үг нэмж оруулсан. Энэ нь мэргэжлийн хүрээнийхний зөвлөгөө байсан уу?

-Яамдын бүтцийг УИХ дахь намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ саналыг гаргасан юм. Б.Дэлгэрсайхан гишүүн “Хөгжлийн” гэдэг үгийг томьёолж, бүлгээр зөвшөөрүүлж байсан. “Зам тээвэр" гэдэг өмнө нь байсан зүйл. Ирээдүйд ч байх болно. Зам тээврийн салбар асар хурдацтай хөгжсөөр байна. Дэлхий нийтэд ингэж хурдаа авч буй хөгжлийн жишиг Монгол Улсад яаж идээших, цаашлаад хөгжлөө бид хэрхэн төсөөлж, төлөвлөх ёстой юм бэ” хэмээн хоолойн тээврээр жишээ татаж, тодорхой байр сууриа илэрхийлсэн юм. Дэлхий дээр өнөөдрийн байдлаар усан зам, агаарын зам, авто зам, иргэний нисэхийн тээврээс гадна сүүлийн үед хоолойн, капсул, дроны тээврүүд хөгжиж байна. Тэгэхээр бидэнд салбарынхаа хөгжлийг томоор харах шаардлага тулгарсан гэсэн үг. Нөгөө талд бид тээврийн асуудлаар гадны орнуудтай хэлэлцүүлэг хийж, тэр дундаа хоёр хөрштэйгөө уулзаж байна. Ингэж явахад салбарт хийгдэж болох олон тооны хөгжлийн гарц, гаргалгаанууд, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих боломжууд харагдаж, санал санаачлагууд ч гарч байна. Үүн дээр салбарын яам ажиллаж байгаа. Энэ ч үүднээс Зам, тээврийн хөгжлийн яам нь өөрөө чиг үүрэгтэйгээ бүрэн нийцсэн, илүү зохицсон нэр болсон.

tsogoo

-МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВРИЙН РЕКОРДЫГ ӨДӨРТ 1415-Д ХҮРГЭЖ ЭВДЭЖ ЧАДЛАА-

-Та бүхэн Зам, тээврийн хөгжлийн яам гэсэн нэршлээр тухайлсан ямар ажлуудыг шинэ түвшинд гаргав. Миний зүгээс транзит тээврийг хамгийн эхэнд цохож асуумаар байна?

-Ажил авснаасаа хойш яг юу хийсэн бэ гэж үү. Мэдээж маш олон ажил хийж гүйцэтгэсэн. Эндээс 10, 100, 200 хүнд таалагдах хэмжээний жижиг ажлуудыг орхиё. Улс оронд, олон нийтэд хэрэгтэй ямар ажлууд хийж бүтээсэн талаараа тоймлоод ярья. Гэхдээ “би” гэж яримааргүй байна. Яамныхаа зүгээс тодотгоход бид хойд, урд хөршүүдтэйгөө зөв ойлголцох замаар тогтвортой бодлого барьснаар УБТЗ-ын транзит тээврийн тоог 2017 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар нэмэгдүүлж чадсан. Замын-Үүд суманд ажиллаад ирлээ. Өртөөний хамт олон “Асар өндөр хурдтайгаараа ачаа эргэлт нэмэгдэж байна. Бид үнэхээр баяртай байна. Өмнө нь бид  хэр их сул зогсолт хийх бол, цалин пүнлүүнд хэрхэн нөлөөлөх бол гэхчилэн санаа зовнидог байсан. Гэтэл одоо эсрэгээрээ ачааллаа хэрхэн зохицуулж, дараагийн тээвэр ирэхэд бэлэн байх уу гэж боддог боллоо” гэж байгаа юм. Ийм нөхцөлд тэдний ажил нь тодорхой болчихож байна. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэх, замаа засах, шинэ чиглэл нээх зэрэг ажлуудад төмөр замчид маань онцгой анхааран ажиллаж байгаа.

-Дараачийн онцлох ажил нь?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийг дараа нь нэрлэмээр байна. Өмнөх засгийн газрын үед хилээр өдөртөө 600-700 машин нүүрс гардаг байв. Гэтэл тэнд нийтдээ 5000 орчим машин эргэлддэг. Энэ хүчин чадлыг илүү сайн дайчилж, ашиглах чиглэлд манай сайд Д.Ганбат жинхэнэ мэргэжлийнхээ ухааныг гаргасан. Ажил авуутаа хоногийн нэгдсэн графикт шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, уурхайн ачилт, гаалийн гаргалтаа боомт хүртэлх 267 км зам дээр явж буй машин урсгалаа тааруулсан гэсэн үг. Ингэж нэг горимд шилжүүлснээр өдөрт 1200 машин нүүрс хилээр гардаг болсон. Бүр “Чалко”-гийн өрийг барагдуулах сүүлийн долоо хоногт өдөрт 1415 автомашин нүүрс тээвэр хилээр нэвтэрч чадлаа. Энэ нь Монголын нүүрс тээврийн рекордыг эвдсэн үзүүлэлт юм.

-Цаашид нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдал болон сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй мими бодисыг эрх зүйн хүрээнд хэрхэн хязгаарлах асуудлаар салбарын яам ямар бодлого барьж байгаа вэ?

-Тээвэрчид тээврээ л ярьдаг. Яаж аюул осолгүй, найдвартай, бүрэн бүтэн тээвэр хийх бэ гэдэг нь хамгийн чухал. Өнөөгийн нөхцөлд шороон замаар тээвэрлэлт хийхийг бүрэн зогсоосон. Тэгэхээр үүнийг дагасан сөрөг нөлөөлөл ч давхар багасаж байгаа. Шороон замаар тээвэрлэлт явах юм бол шууд компанийнх нь эрхтэй ярьдаг болчихлоо. Дээр нь, ирэх сараас бид Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран, нүүрс тээврийн жолооч нараа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулахаар ажиллаж байна.  Тэр мими гэдэг бодисын хэрэглээний асуудлыг бид яриад байдаг. Гэтэл цагдаа шүүхийн байгууллагад бүртгэгдсэн зургаан тохиолдол байна. Өнөөдөр лангуун дээр зарагдаж буй сэргээх үйлчилгээтэй вакус, мими хоёр адилхан статустай. Хоёулаа мансууруулах бодисын төрөлд ордоггүй. Манай саналаар үүнийг зайлшгүй мансууруулах бодисын төрөлд оруулмаар байгаа юм. Эрх зүйн зохицуулалт цаасан дээр бууж хэрэгжихээс өмнө жолооч нарын хэрэглээг таслан зогсоох зорилгоор нэгдсэн том арга хэмжээ зохион байгуулахаар санал гаргаад явж байна. Ер нь мими гэдэг бодисыг жолооч нарт зарах замаар мөнгө олдог, хэрэглэдэг, хэрэглэхийг завддаг хувь хүмүүс хэдийнэ хууль хяналтынхны онцгой хараанд орсон шүү гэдгийг зориуд энд хэлмээр байна.

tsogoo

tsogoo

-АГААРЫН ЗАМЫГ ШУЛУУН БОЛГОСНООР НЭГ НИСЛЭГЭЭС 
4000 АМ.ДОЛЛАР ХЭМНЭЖ БАЙНА-

-Агаарын замуудыг шинээр нээсэн мэдээлэл гарсан. Шинээр нээсэн агаарын зам өмнөх замуудаас ямар давуу талтай вэ?

-Бид долоон ширхэг шинэ агаарын зам нээсэн. Энэ нь өмнөх агаарын замуудаас ямар ялгаатай бэ гэхээр, ерөөсөө л шулуун чиглэлтэй. Өмнөх замууд 30-50 км-ийн даялалтай байсан (газрын зураг дээр тайлбарлав.сурв). Замуудынхаа шулуутгалыг шинээр хийснээр зарим чиглэлийн нислэгт түлшний хэмнэлт гарч байна. Жишээ нь, Улаанбаатараас Хонконг чиглэлд нисч байгаа МИАТ-ийн онгоц шулуун замаар нислэг үйлдсэнээр 4000 ам.долларын хэмнэлт хийж байна гэсэн эхний мэдээллүүд ирсэн. Хэмнэлт хийж байгаа учраас одоо салбар яамны зүгээс МИАТ-д хандаад, “Та бүхэн үнээ буулга” гэсэн чиглэл өгөх боломж үүсэж байна. МИАТ-ийн удирдлагуудад Дэд сайдын зүгээс зорчигчийн билетийг буулгах чиглэл өгч, энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байна. Мөн ерөнхий зориулалтын нислэг буюу орон нутгийн нислэгийг хөгжүүлэх асуудлаар нэлээд том ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

-Шинээр агаарын зам нээснээ дагаад агаарын хаалгаа нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж ойлгогдлоо?

-Манай улсын хойд хэсэгт агаарын хаалгууд нэлээд бий. Гэтэл урд талдаа цөөхөн. Тиймээс бид нислэгийн өнгөрөлтөө нэмэгдүүлэхийн тулд шинэ хаалга нэмэх зорилт тавин ажиллаж байна. Манай дийлэнх нислэгүүд босоо чиглэлийнх. Тэгвэл одоо бид шинээр хэвтээ чиглэлийн агаарын замын хаалга нээх боломжийг судалж, хоёр ч газар радио локатор суулгах зайлгүй шаардлага байна. Хэвтээ чиглэлийн шинэ хаалгуудыг нээснээр БНХАУ-ын дотоодын нислэгүүд /Шяньжан-Манжуур зэрэг чиглэл/, ойрхи Дорнодын буюу Бээжин, Сөүл, Токио, булангийн орнуудын нислэгүүд манай улсын дээгүүр өнгөрөх боломж бүрдэх юм. Дээр ярьсанчлан шинээр нээгдсэн долоон агаарын замын нэг нь Монголын хамгийн урт агаарын замд тооцогдож байгаа. Тэгвэл хэвтээ чиглэлд шинэ агаарын хаалга нээснээр бид хамгийн урт агаарын замаасаа 2-3 дахин урт агаарын замтай болно гэсэн үг.

-Эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ?

-Асар их. Бидний төсөвт төвлөрүүлдэг орлого хамгийн дээд хэмжээндээ очно гэсэн үг. Үүний төлөө л ажиллаж байна. Монгол Улсын түүхэн рекордуудыг салбартаа эвдэх зорилт тавиад ажиллаж байгаа. Жишээ нь, өнгөрсөн онд 167 чингэлгийн буухиа галт тэрэг манай улсаар дамжин өнгөрчээ. Энэ онд чингэлгийн тоог 400-д хүргэх зорилт тавьсан. Ийм маягаар өмнөх үзүүлэлтүүдээ ахиулмаар байна. Агаарын орон зайд өнгөрсөн онд 90 мянган нислэг авсан байна. Бид энэ тоог 100 мянгад хүргэнэ. Нэмэгдүүлэх өөр ямар боломж байна. Өмнөх жилүүдэд ИНЕГ, УБТЗ гэх байгууллагуудад дарга тогтож өгдөггүй байдал нь тухайн үеийн ажлуудад ихээхэн хүндрэл учруулж байсныг санах хэрэгтэй. Харин өнөөдөр тогтвортой удирдлага, мэргэжлийн баг хамт олон ажиллаж эхэллээ. Энэ бүхний үр шим нь Монгол Улсдаа л үлдэнэ.

tsogoo

-ДАЛАЙН ТЭЭВРИЙН АСУУДЛААР НҮБ-ААС ДЭМЖЛЭГ АВАХЫН 
ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА-

-Тяньжин руу нүүрсээ шууд тээвэрлэж эхэлснээр анхдагч зах зээлд нийлүүлэгдэх боломж үүслээ. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт, бууралтаас үл хамаарч тээвэрлэлтийн үнэ цаашид хэвийн байх боломжтой юу?

-Нүүрсний асуудлын тухайд сүүлийн үед бидэнд эерэг, өгөөжтэй байхаар хүлээлтүүд үүсэж байна. Тухайлбал, Хойд Солонгос манай урд хөршид гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан, жилдээ 19-25 сая тонн хүртэлх нүүрс нийлүүлдэг байв. Гэтэл өнгөрсөн сараас хойш энэ үйл ажиллагаа бүрэн зогссон. Хойд Солонгосоос гардаг эрчим хүчний нүүрснээс зарим үзүүлэлтээрээ жаахан сул хэдий ч сайн чанартай нүүрс манай Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх хэд хэдэн уурхайгаас гарч байна. Тиймээс ч урд хөршийн нүүрсний хэрэгцээнд гарсан сул орон зай манай уурхайнуудад нүүрсээ нийлүүлэх таатай боломж олгож байна. Үүнээс гадна олон шалтгаан бий. Бусад шалтгаанууд нь бизнес эрхлэгчдийн харилцаа тул энд хэлэх хэрэггүй. Ийм ч учраас Тяньжин руу тээвэрлэлтээ эхлүүлсэн гэж болно. УБТЗ-ын хувьд иймэрхүү тээврүүдэд 15-70 хувийн тарифын хөнгөлөлт өгч байгаа юм. Саяхан миний бие БНХАУ-ын Төмөр замын сайд Лу Дунфутай уулзах үеэр Тяньжин, Жинин зэрэг тус улсын төмөр зам дээрх Монголын тээврүүдийн үнэ тарифыг буулгах чиглэлээр санал солилцож, амжилттай болсон. Мөнхүү Австралид болсон үерийн нөлөөгөөр коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсөж байна. Үүнийг дагаад тээвэрлэлт өснө. Гол нь бид нүүрсээ шууд анхдагч зах зээл рүү хүргэж байж, үнэд ордог гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Далайд гарцгүй ч бидэнд энэ талаархи амбицаа өсгөх, улс орнуудыг уриалах боломж бий юу?

-Ерөнхий сайд асан Сү.Батболд Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын судалгааны төв (LLDCTT) байгуулахын тулд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзаж идэвхитэй ажилласан байдаг. Өнгөрсөн жил би Туркменистанд зохион байгуулагдсан НҮБ-ын тээврийн салбарын чуулган дээр, тогтвортой тээврийн асуудлаархи хуралд оролцохдоо энэ судалгааны төвийг албан ёсоор байгуулах асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллалаа. НҮБ-ын салбар байгууллага болохын тулд улс орнууд нэгдсэн байх ёстой. Монгол Улс “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв” байгуулахад гурван улс дутуу байсан юм. Эдгээрээс Непал, Балба улсууд LLDCTT саналыг дэмжин нэгдэн орж, Туркменистан улс нэгдэнэ гэдгээ амалсан. Монгол Улс албан ёсоор энэ чиглэлд судалгааны төвтэй болснооор НҮБ-ын дэргэд салбар байгууллагатай болох том боломж нээгдэх юм.

-Дахиад эдийн засгийн үр өгөөжийг нь асууя. НҮБ-ын дэргэд салбар байгууллагатай болсноор бидэнд шууд байдлаар үүсэх давуу тал гэвэл?

-Гол нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулна, НҮБ-аас санхүүжилт авах боломж нээгдэнэ. Ирэх сард Лондон хотноо далайн асуудлаар томоохон зөвлөгөөн зохион байгуулагдана. Тэр үеэр Туркменистан улс албан ёсоор хариугаа өгч, асуудал  шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Ингэснээр далайн асуудал эрхэлсэн маш том институц Монголд ажиллана. Далайд гарцгүй орнууд дотор үүнийгээ онцын асуудал биш гэдэг улсууд байна. Жишээ нь, Швейцарь шиг хөгжилтэй улсад далайд гарцгүй байх нь нэг их чухал биш. Гэтэл Монгол Улс их хэмжээний уул уурхайн баялагтай мөртлөө далайд гарцгүй байгаа нь бидний сул тал болоод байна. Үүнийгээ бид нөхөхийн тулд бусад орнуудын дэмжлэг, лоббиг ашиглах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлд Зам, тээврийн хөгжлийн яам маш хүчтэй үйл ажиллагаа явуулах болно.

-Эдгээр ажлууд бүгд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан уу?

-Дийлэнх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Басхүү яамны зайлшгүй хийх ёстой, үйл ажиллагааны үндсэн чиглэлд нь байгаа асуудлууд ч бий. Мэдээж 2016 оны улс төрийн сонгуульд ялсан эрх баригч намын мөрийн хөтөлбөрт Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон боловсруулагдсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ч ажиллаж байна.

-Ажил авснаасаа хойш хоёр хөршдөө бид илүү тогтвортой, нэгдсэн бодлоготой ажиллаж чадна гэдгээ бүрэн ойлгуулж чадсан уу?

-Энэ чиглэлд л гол анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов долоон дэд сайдтай байхад БНХАУ-ын Зам тээврийн сайд Ли Шао Пэний дор таван дэд сайд ажиллаж байна. Миний хувьд ОХУ-ын талын хоёр дэд сайдтай маш дотно харилцаатайгаар төмөр зам болон авто тээврийн салбарт хамтран ажиллаж байгаа. Урд хөршийн гурван ч дэд сайдтай уулзсан. Ажил авуутаа хоёр хөршийнхөө салбар хариуцсан хүмүүстэй уулзаж, танилцах замаар ажлаа нэлээд дайчин эхлүүлсэн гэж болно.

tsogoo

-ШИЛЭН НОМООС МААНЬ 10 ШИРХЭГ Л ҮЛДСЭН-

-Та ямар мэргэжилтэй билээ?

-Олон Улсын бизнесийн менежер, гэрээ эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Мөн төрийн болон бизнесийн удирдлагаар суралцсан, үргэлжлүүлэн хуулийн чиглэлээр суралцаж байна. Ер нь сураад л байх шинжтэй дээ.

-“Шилэн ном”-ынхоо нүүрийг нэг их том алх барьсан зургаар чимжээ. Одоо алх ч, ном ч хэрэггүй болсон уу?

-Одоо ч шилэн ном маань байгаа. Байлгүй яах вэ. Би энэ ном (шилэн номоо гаргаж үзүүлэв.сурв)-оо 3000 ширхэг хэвлүүлсэн. Одоо надад 10 ширхэг л байна.

-Та нэгэн үе “шилэн” овогтой байсан. Одоо бодоход, улс төрийн томоохон албан тушаалд очих гишгүүр байсан ч юм шиг?

-Яалаа гэж. Шилэн дансны хууль байгаа. Хууль нь хүчин төгөлдөр хэрэгжээд л явж байна.

-Хууль хэрэгжихгүй байгаа л даа?

-Хэн хэрэгжүүлэхгүй байгаа юм?

-Танай нам.

-Нэгд, Үндэсний Аудитын газрын жилд хоёр удаа хийгддэг шалгалтын дүнг хараарай. Шилэн дансны хууль хэвийн хэрэгжээд явж байна лээ. Хоёрт, би чамд 2015 оны арваннэгдүгээр сард юу гэж хэлж байснаа сонсгоё.

"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хэсгээс:

Сэтгүүлч: -2016 оны сонгуулиар танай нам яллаа гэхэд та энэ ажлаа хийсээр байх уу. Эсвэл сонгуулийн дараа зогсчих юм уу?

Б.Цогтгэрэл: -Ёстой хэлж мэдэхгүй байна. Тэр үеийн миний ажлын ачааллаас болох байх. Ер нь төлж байгаа татварынхаа араас иргэн бүр яваад өгөөсэй л гэж гуйгаад байгаа юм. Энэ чинь миний ажил биш. Хуулийн 9.1-т иргэний хяналт гэсэн хэсэг дээр Б.Цогтгэрэл гэдэг хүний нэр байхгүй. Иргэн л гэж байгаа.

Сэтгүүлч: -Тэгэхээр та хэзээ ч үүнийгээ хийхээ больж болно. Шилэн дансны асуудлаар ярихаа зогсоочихож болох нь ээ?

Б.Цогтгэрэл: -Болно ш тээ.

tsogoo

-Та эхнээсээ л сайтар тооцсон бололтой?

-(инээв.сурв). Манай яаман дээр Д.Ганбат сайдын тушаалаар салбарын хэмжээнд шилэн данс хөтлөх, хяналт тавих тушаал гараад хэрэгжиж байгаа. Салбартаа шилэн дансны хуулийг сахиулах ажлыг би өөрөө хариуцан хийж байгаа. Манай салбар ямар ч байсан шилэн дансаа сайн хөтөлж байгаа.

-Та АН-ыг шилэн дансаа хөтөл гэж хатуу шаарддаг байсан. Одоо намынхандаа энэ шаардлагаа хэлж, загнахаа бүр больчихсон уу?

-Намынхнаа загнаж л байгаа. Шилэн данс явж байгаа. Хаана, хэн шилэн данс хөтлөхгүй байна. Хөтлөхгүй байгаа бол тэднийг АТГ болон Үндэсний аудитын газарт өг. Ийм зарчмын ажил дээр АН, МАН ялгаа байхгүй. Хууль зөрчиж л байгаа бол иргэн шалгуулахаар өгөх бүрэн эрхтэй. Шилэн дансны тухай хуулийн 9.1, 9.2, 9.3 дугаар заалтыг бариад АТГ-д өгчих, битгий хайрла.

-Таны шилэн дансны хуулийн хүрээнд хийсэн тодорхой акциуд хувь хүнийх юм уу, намд зориулагдсан уу?

-Цэвэр хувь хүний идэвхи санаачлагаар хийсэн ажил. Түүнээс биш би шилэн дансны асуудлаар ярьсаар байгаад албан тушаалд очих, алдар нэртэй болох зорилго огтоос өвөртлөөгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албан дээр байхдаа миний иргэн хүний санаачлага гарган хийсэн ажил юм.

 

Эх сурвалж: www.medee.mn 

Б.Цогтгэрэл: Дамжин өнгөрүүлэх коридорын суурь бүтцийг сайжруулахад анхаарна  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх