Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Транзит Монгол-2017” форум болно

2017/03/31
“Транзит Монгол-2017” форум болно

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран 4 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулах гэж байгаа аж. Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх нь төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой учраас тус форумыг тун чухал арга хэмжээ гэж тодотгох хэрэгтэй юм. Форумд гурван улсыг дамнасан төмөр замын коридорт оролцогч төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд оролцож, асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцэх аж.

 

2016 оны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2.3 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь нийт ачаа тээврийн хэмжээний 11 хувийг эзлэж байгаа ч, тээврийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж дотоодын нүүрс тээвэр, зорчигч тээврээс хүлээдэг алдагдлыг нөхөх, төмөр замын их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэхэд чухал дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн цаашид дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлснээр тээврийн орлогыг өсгөх, төмөр замын шинэчлэн сайжуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой болох юм. Улмаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн жагсаалтад багтсан төв коридорыг цахилгаанжуулах, хос зам тавих төслийн эдийн засгийн үндэслэл болно гэдгийг салбарынхан хэлж буй.

 

Тиймээс ч ирэх 4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулагдах “Транзит Монгол-2017” форумын ач холбогдол өндөр гэдгийг тодотгох нь зөв байх. 2016 оны байдлаар БНХАУ-ын ДНБ-ий хэмжээ 11 их наяд ам.долларт хүрээд байгаа бөгөөд 2020 он гэхэд Европын холбоотой хийх худалдааны хэмжээг 1 их наяд, ОХУ-тай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлсэн тухайгаа тус улсын Ерөнхий сайд Ли Көцян илэрхийлсэн байдаг. Тэгвэл дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бараа эргэлтийг хурдасгах шаардлагатай. Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлж хуурай газрын логистикийн сүлжээг сайжруулах бодлого баримтлан Хятад-Орос, Хятад-Европ болон эсрэг чиглэлд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг хөгжүүлэх, тогтмолжуулахаар ажилласны дүнд дээрх чиглэлд 2013 онд 80 буухиа галт тэрэг аялж байсан бол 2016 онд 1702 буухиа галт тэрэг аялж огцом нэмэгдээд байна.

 

Энэ зорилтын хэрэгжилтийг хангахаар БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос 2016 оны 10 дугаар сард “Хятад-Европ чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргаж 2020 он гэхэд чингэлгийн буухиа галт тэрэгний тоог 5000-д хүргэх зорилт тавиад байгаа бөгөөд тээврийн коридорууд, чиглэлүүд, ачаа илгээгч хотуудыг тодорхойлж авч хэрэгжүүлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээний талаар тусгажээ.

 

Түүнчлэн уг төлөвлөгөөнд Монгол Улсын төмөр замын коридорыг чингэлгийн буухиа галт тэрэгний төв коридороор тодорхойлсон ба 2016 онд төв коридороор 167 галт тэрэг дамжин өнгөрсөн нь хэдийгээр өмнөх онуудаас огцом өсөлттэй байгаа боловч нийт буухиа галт тэрэгний дөнгөж 9.8%-ийг эзлэж байгаа нь баруун коридор (Манжуур-Забайкальск боомт), зүүн коридортой (Алашанкоу-Достык боомт) харьцуулахад харьцангуй бага байгаа. Мөн УБТЗ-ын одоогийн хүчин чадлаар 2017 онд 400 галт тэрэг хүртэл, цаашид тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулснаар жилд 1000 чингэлгийн буухиа галт тэрэг хүртэл нэмэгдүүлэх нөөц боломж байгаа юм байна.

 

Тиймээс Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, мөн ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд тогтмол тээвэрлэдэг нефтийн бүтээгдэхүүн, мод, бордоо, химийн ачаа зэрэг дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр замын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын төмөр замын коридорыг Хятад, Оросын ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлалын компаниудад сурталчлах, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын төмөр замын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тарифын бодлогын талаар “Транзит Монгол-2017” форум дээр танилцуулах юм байна.

“Транзит Монгол-2017” форум болно  
Зам, тээврийн хөгжлийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх