УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл. Улсын нисэхийн тухай хууль тогтоомж

2.1. Улсын нисэхийн тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хуулиар улсын нисэхийн үйл ажиллагааг зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. ”аюул тулгарсан агаарын хөлөг” гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон;

4.1.2. ”аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг” гэж явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн, эсхүл бүрэн эвдэрсэн;

4.1.3. ”улсын нисэх” гэж улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдсон цогцолбор ойлголтыг;

4.1.4. ”улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлгийг;

4.1.5. ”байлдааны агаарын хөлөг” гэж байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлгийг.

4.2. Энэ хуульд заасан бусад нэр томъёог Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нэр томъёотой нэгэн адил утгаар ойлгоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Улсын нисэхийн үйл ажиллагааг төрөөс зохицуулах

5 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

5.1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1. улсын нисэхийн нислэгийн үйл ажиллагааны журмыг холбогдох байгууллагатай зөвшилцөж батлах;

5.1.2. улсын нисэхийн бүтэц, зохион байгуулалтыг батлах;

5.1.3. улсын нисэхийн багц дүрмийг батлах.

6 дугаар зүйл. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын чиг үүрэг

6.1. Улсын нисэхийн үйл ажиллагаа цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хяналтанд байна.

6.2. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага энэ хуулийн хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт тавьж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1. улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээг зохион байгуулах;

6.2.2. улсын нисэхийн дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих;

6.2.3. тогтоосон агаарын хаалгаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох.

7 дугаар зүйл. Улсын нисэхийн багц дүрэм

7.1. Улсын нисэхийн багц дүрмээр дараахь харилцааг зохицуулна:

7.1.1. улсын агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх;

7.1.2. нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох;

7.1.3. улсын агаарын хөлгийн таних тэмдэг, түүнийг батлах, тооллогын дугаар олгох, байрлуулах;

7.1.4. улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах;

7.1.5. улсын нисэхийн аэродромуудын бүсэд нислэг үйлдэх болон тэдгээрийг ашиглах;

7.1.6. эрэн хайх, авран туслах ажлыг зохион байгуулах;

7.1.7. улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавих;

7.1.8. улсын агаарын хөлгийн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавих, үзлэг шалгалт хийх;

7.1.9. улсын агаарын хөлгийн нисэх багт мэргэжлийн үнэмлэх олгох;

7.1.10. хууль тогтоомжид заасан бусад харилцаа.

ГУРАВДУГААР БҮЛЭГ Улсын агаарын хөлөг, түүний нислэг

8 дугаар зүйл. Улсын агаарын хөлгийг бүртгэх

8.1. Улсын агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бүрэн эрхийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хэрэгжүүлнэ.

9 дүгээр зүйл. Улсын агаарын хөлгийн дарга, нисэх баг

9.1. Улсын агаарын хөлгийн багийн дарга, нисэх багийг уг агаарын хөлгийг ашиглагч эрх бүхий байгууллага томилно.

9.2. Улсын агаарын хөлгийн нисэх багийн гишүүд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас олгосон мэргэжлийн, хүчин төгөлдөр үнэмлэхтэй байна.

9.3. Улсын агаарын хөлгийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1. байлдааны үүргийн нислэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд Иргэний нисэхийн тухай хуулийн 18.2-т заасан бүрэн эрх;

9.3.2. байлдааны үүргийн нислэг гүйцэтгэж байгаа үедээ командлалаас өгсөн үүргийг биелүүлэх зорилгоор энэ хуульд заасан дүрэм, журамд зааснаас өөр шийдвэр гаргах.

10 дугаар зүйл. Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилал

10.1. Улсын агаарын хөлгийн нислэг дараахь ангилалтай байна:

10.1.1. байлдааны үүргийн нислэг;

10.1.2. онцгой үүргийн нислэг;

10.1.3. тусгай үүргийн нислэг;

10.1.4. арилжааны нислэг.

10.2. Байлдааны үүргийн нислэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бүх төрлийн нислэгүүд хамаарна

.10.3. Онцгой үүргийн нислэгт дараахь нислэгүүд хамаарна:

10.3.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг;

10.3.2. тогтоосон агаарын замаас гадна зайлшгүй шаардлагатай үйлдэх улсын агаарын хөлгийн нислэг.

10.4. Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг болон байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламжийн зорилгоор үйлдэж буй бүх төрлийн нислэгүүд хамаарна.

10.5. Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална.

11 дүгээр зүйл. Улсын агаарын хөлгийн нислэгийн зохицуулалт

11.1. Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн зохицуулалтыг Улсын нисэхийн нислэгийн хөдөлгөөний алба хэрэгжүүлнэ.

11.2. Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан журмаар хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Улсын нисэхийн аэродромын ашиглалт

12 дугаар зүйл. Улсын агаарын хөлөг байрлах аэродром

12.1. Улсын нисэхийн аэродром байгуулах, түүний бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагыг Улсын нисэхийн багц дүрмээр тогтооно.

12.2. Цэргийн зориулалттай нисэхийн аэродром байгуулах, түүний бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагыг тогтоох асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн Засгийн газар шийдвэрлэнэ.

12.3. Улсын нисэхийн аэродромын бүртгэлийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага эрхэлнэ.

12.4. Улсын нисэхийн аэродромын орчмын нутаг дэвсгэрийн гадна барилга байгууламж барих, холбооны болон өндөр хүчдэлийн шугам тавих асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцож шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл. Аэродромыг хамтран ашиглах

13.1. Улсын болон иргэний агаарын хөлгүүд хамтран ашиглах аэродром нь иргэний нисэхийн аэродромд тавигддаг бүх шаардлагыг хангасан байна.

13.2. Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журмыг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ Улсын нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал

14 дүгээр зүйл. Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах

14.1. Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, инженер, техникийн бүрэлдэхүүнийг батламжлах зэрэг журмыг Улсын нисэхийн багц дүрмээр тогтооно.

14.2. Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол зорчигчдын бие болон гар тээшинд агаарын хөлгийг эзэмшигч болон холбогдох мэргэжлийн байгууллага зохих зааврын дагуу үзлэг хийх эрхтэй.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан үзлэгээс татгалзсан үйлчлүүлэгчийг тээвэрлэхийг хориглох ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

14.4. Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрлийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хил хамгаалах байгууллагыг удирдах байгууллагатай хамтран олгоно.

14.5. Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нисэх багийн бүрэлдэхүүнд хамгаалалтын ажилтныг ажиллуулж болно./Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/ ЗУРГАДУГААР БҮЛЭГ Эрэн хайх, авран туслах ажил

15 дугаар зүйл. Эрэн хайх, авран туслах ажлыг зохион байгуулах

15.1. Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, тусламж үзүүлэх, тэдгээрийг ослын газраас шилжүүлэн зөөвөрлөх ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

16 дугаар зүйл. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа

16.1. Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага тухайн агаарын хөлөг эзэмшигчтэй хамтран тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.

16.2. Эрэн хайх, авран туслах нислэгийг улсын болон иргэний нисэхийн байгууллагууд хамтран гүйцэтгэж болно.

16.3. Орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээллийг зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх, нисэх баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй.

17 дугаар зүйл. Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх ажлыг зогсоох

17.1. Аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх бүх арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд эрлийн ажлыг зогсоох шийдвэрийг уг агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

ДОЛДУГААР БҮЛЭГ Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах

18 дугаар зүйл. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах

18.1. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг улсын нисэхийн нислэг-техникийн шинжлэн шалгах комисс гүйцэтгэх бөгөөд бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.2. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс нь гарсан осол зөрчлийн нөхцөл, шалтгааныг тогтоож, цаашид уг осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

18.3. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийн шалтгааныг тогтоох, шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл иргэний нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны болон гадаадын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, хамтарсан комисс томилон шалгаж болно.

19 дүгээр зүйл. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шалгах шинжээчийн бүрэн эрх

19.1. Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шалгах шинжээч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1. улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой газруудад саадгүй нэвтрэх;

19.1.2. улсын нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргах;

19.1.3. улсын нисэхийн анги, байгууллагын нислэгийн бэлтгэл, гүйцэтгэлд үнэлэлт өгөх;

19.1.4. улсын нисэхийн техникийн ашиглалтын горимд хяналт тавьж дүгнэлт гаргахад зөвлөмж өгөх;

19.1.5. улсын агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийн шалтгааныг үнэн зөв тогтоох, шаардлагатай мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг холбогдох этгээдээс шаардан гаргуулж авах.

НАЙМДУГААР БҮЛЭГ Бусад зүйл

20 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

20.1. Улсын нисэхийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

20.1.1. улсын нисэхийн багц дүрэмд заасан бичиг баримтын бүрдэлгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр нисэхийн үйл ажиллагаа эрхэлсэн албан тушаалтныг 60000, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;

20.1.2. энэ хуулиар эрх олгогдсон этгээд нислэгийн аюулгүй байдлын болон аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг зохих журмын дагуу хийгээгүй бол 45000-50000 төгрөгөөр торгож, үзлэг шалгалт хийх эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах;

20.1.3. улсын нисэхийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр тус тус торгож, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах;

20.1.4. байлдааны нислэгээс бусад нислэгийн үед нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар нислэгийн удирдагчид мэдээлээгүй агаарын хөлгийн даргыг 50000-60000 төгрөгөөр торгож, мэргэжлийн эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах;

20.1.5. улсын нисэхийн үйл ажиллагаа явуулдаг бүсэд хууль бусаар нэвтэрсэн этгээдийг 50000, мал оруулсан этгээдийг 25000 төгрөгөөр тус тус торгох;

20.1.6. улсын агаарын хөлгийн үйл ажиллагааны журам зөрчсөний улмаас хохирол учруулсан бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох.

20.2. Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ улсын нисэхийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай этгээдэд Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн дагуу эд хөрөнгийн хариуцлага ногдуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

 


2018 он © Зам, тээврийн хөгжлийн яам
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.